ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн IY улиралд багтаан 4 жилд 1 удаа Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг явуулдаг.
Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны төрийн өмчийн үзлэг, тооллогыг 1997 онд хийж гүйцэтгэснээс хойш 2001, 2004, 2008, 2012, 2016 онд тус тус төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын ажлыг улс орон даяар зохион байгуулж, дүнгээ гарган, үзлэг, тооллогын дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулан, хэрэгжүүлж ирсэн.
Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг явуулах тухай” 439 дүгээр тогтоолын дагуу тооллогын ажлыг Сангийн яам удирдан зохион байгуулж, дүнг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэгтгэн Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд танилцуулж, 193 дугаар тогтоолыг батлуулан хэрэгжүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн 6 удаагийн тооллогын дүн
2016 онд явагдсан тооллогоор нийт 6086 (1128-ОН, 4958-ТӨ) хуулийн этгээдэд нийт 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа биет үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг Санхүү, эдийн засгийн сайд (хуучин нэрээр)-ын 2003 оны 342 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 2004 онд, Сангийн сайдын 2009 оны 135 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу 2009 онд тус тус зохион байгуулсан. Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар тогтоолын дагуу Сангийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулсан. Үнэлгээний үр дүнг 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусган тайлагнасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2020 онд явуулахаар Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол батлагдсан боловч дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас уг тогтоолд 2 удаа өөрчлөлт оруулж 2022 онд явуулахаар шийдвэрлэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого /цаашид Тооллого гэх/-ын зорилго нь:
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, дутагдуулсан, бүртгэлгүй орхисон, маргаантай, ашиглалтгүй хөрөнгийн судалгааг гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;
- Хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх;
- Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрлөөр баталсан маягтаар авч, мэдээллийн цаасан архив (байнга хадгалах) болон цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
- Эзэмшиж ашиглаж буй газрын хэмжээ, баталгаажилт, түүний дээрх үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хянаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, газрыг бусдад шилжүүлэх, зориулалтыг өөрчлөхөд зөвшөөрөл авч буй байдалд хяналт тавих;
- Засгийн газрын шийдвэр, аргачлалын дагуу хийсэн дахин үнэлгээний дүнгээр гарсан зөрчил дутагдлыг арилгасан байдлыг хянах;
- Тооллогын дүнгээр төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах;
- Тооллогод Төрийн цахим мэдээллийн нэгдсэн сан, “хур” системийн мэдээллийг ашиглах, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь програм хангамжийг ашиглах мэдээллийг цахимжуулах, цаашид төрийн мэдээллийн санд холбох бэлтгэл ажлыг хангах;
- Тооллогын үр дүнгээр хэрэгцээ шаардлагыг хангахуйц төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэн, төрийн хөрөнгийн бүртгэл, хяналт, норм хэмжээ, зохицуулалтын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай холбогдох шийдвэрийг боловсруулж, нэгдсэн дүнг Засгийн газарт тайлагнах зэрэг болно.
Энэ удаагийн тооллогын ажлын хүрээнд:
Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн бүртгэлийн мэдээллийг авч, тооллогод хамрагдах этгээдийн мэдээллийг тулган баталгаажуулах, тооллогын явцад зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах,
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын талаарх мэдээллийг Төрийн цахим мэдээллийн сан e-mongolia (egazar.gov.mn, urban.gov.mn) системээс авч ашиглах, баталгаажуулах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээллийг нэгтгэн гаргаж уг мэдээллийг тооллогод хамрагдсан дүнтэй тулгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, автотээврийн хэрэгслийн нэр төрөл, тоо, улсын дугаар, эзэмшигч, даатгал, татвар, төлбөр хураамж, торгууль, үзлэг оношилгооны нэгдсэн мэдээллийг тооллогын дүнтэй тулган баталгаажуулах ажил хийгдэнэ.