Мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж, төрийн өмчид бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн өмчит хуулийн этгээдэд компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит 6000 гаруй хуулийн этгээдийн эзэмшилд байгаа хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2022 онд явуулахаар шийдвэрлэсэн.

Энэ удаагийн улсын үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, төрийн цахим мэдээллийн нэгдсэн сан, “хур” системийн мэдээллийг ашиглах, мэдээллийн нэгдсэн сангийн суурь програм хангамжийг ашиглах мэдээллийг цахимжуулах, цаашид төрийн мэдээллийн санд холбож, нийтэд нээлттэй, цахим мэдээллийн санг бүрдүүлэх зорилго тавьж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогыг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах зорилгоор гарын авлагыг эмхэтгэн барьж байна. Энэхүү гарын авлагад төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллоготой холбоотой шийдвэр, журам, аргачлал, маягтууд болон төрийн өмчийн бүртгэл, эзэмшил, ашиглалт, хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас батлан гаргасан шийдвэрүүдийг багтаасан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогыг гарын авлагад багтсан журмын дагуу гүйцэтгэж, дүнг тогтоосон хугацаанд ирүүлэхийг Та бүхнээс хүсье.

Хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олон, хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН

ДАРГА Б.ЦЭНГЭЛ

Create Account



Log In Your Account